Зөрүүдлэлийг сэтгэлийн хөдөлгөөний гажуу илрэл, оюун ухааны согогтой үйлдэл гэж зарим судлаач үздэг. Нөгөө өнцгөөс нь сайшаан харвал зөрүүд зөн нь тухайн хүний "тусгаар тогтнолоо" хамгаалсан, бие даасан бодлого байж мэднэ. Гэхдээ биеэ барих, өөрийгөө жолоодох чадвар хомсдож, бусадтай харьцахад зөрчил үүсгэвэл базаахгүй төлөв юм.
Зөрүүд зангийн үндсэн суурь нь овог удмын мөн чанар, эцэг эхийн зан араншинд байж, үе залгамжлан дуурайсныг үгүйсгэх аргагүй. Хамгийн хурц илрэл нь өсвөр насны үед тод харагдаж, сэтгэл мэдрэмжийн хямрал үүсгэдэг тул одооноос онцгой анхаарвал зохилтой.
ЯАГААД ЗӨРҮҮД БОЛСОН БОЛ ГЭЖ ЭХЛЭЭД ТУНГААЖ БОДООРОЙ
- Хэт өөрийөө товойлгон, бусдыг үл ойшоож, санасан бодсоноо хэрэгжүүлэхээр зөрүүдэлж мэднэ. Багаас нь ялимгүй амжилтыг нь дөвийлгөж, хуурай магтаад сургачихсан хүүхдийн биеэ тоосон зан төлвийн гажуудлыг засахдаа сэтгэл зүйн уран зөөлөн "дарамт", хошигнол хэрэглэх замаар аажмаар зөрүүд занг нь багасгаж болно.
- Хэтэрхий эрхэлж, өөрийн дураар бусдыг эрхшээлдээ оруулж сурсан хүүхдээс зөрүүд зан гарна. Өөрийнх нь аргыг өөрт нь хэрэглэж, бусдын давуу талыг хүлээн зөвшөөрч хүндэтгэх үйл ажиллагаанд татан оролцуулбал зохимжтой. Бусад хүн өөрөөс нь илүү байна гэдгийг мэдрүүлж байвал зөрүүдлэх нь багасна.
- Урмыг нь хугалж, зоригийг нь мохоож, биелүүлэх боломжгүй үүрэг хариуцлагаар дарж, дорд үзэж, амжилтыг нь шударгаар үнэлээгүйгээс хожим гоморхож, зөрүүдлэх тохиолдол гарна. Өөрийн хүчинд нь итгүүлж, үгийг нь сонсож, үйл хэргийг нь үнэн зөвөөр үнэлж дүгнээд байвал зөрүүд занг нь амархан засна.
- Зоригтой "шийртэй" , сэтгэлийн хүч ихтэй хүүхэд өөртөө итгэж зөрүүдлэх тал ажиглагдана. Түүний "хатуурхал"-ыг зөөллөсөн үг хэллэг, ойлголт хэрэглэж энэ дутагдлыг нь арилгана. Зөв сэтгэл, нийтэч чанар буян хураана гэсэн утга бүхий сургааль үгсийн гүнд нэвтэрсэн ярилцлагад татан оруулахад ухаарал авах нь мэдээж.
ААВ ЭЭЖИД ОНЦГОЙЛОН САНУУЛАХ НЬ
Зөрүүд зан ааш, зөрүүдлэх үйлийг эс тоох, мэдээгүй юм шиг өнгөрүүлэх нь эерэг үр дүн авчрах нь бий. Шаралхуу, түргэн ааштай хүүхдэд ийм арга илүү зохино. Ийм үед эцэг эх, гэр бүл болон хамт олны санал, шийдвэр аргагүй л түүний зөрүүд занг дийлнэ. Ер нь этгээд зантай хүүхдийг огт хайхрахгүй байгаа дүр үзүүлж зөөлрүүлдэг арга бий. Зөрүүдлэх үед нь өөр сонин зүйлд анхаарлыг нь хандуулах, эсвэл ярдаг занг нь дарах хатуу үйлийг зохион байгуулахаар хариуцуулах замаар өөрийгөө жолоодох боломж олговол зүгээр. Зөрүүд зангийн эсрэг эвсэг зантангууд санаа сэтгэл нэгдэж, их хүч үүсгэж байгааг мэдрүүлж байвал аажимдаа олны талд нийлнэ. Нэг хүний занг засах зөв хүч олон хүний дунд байдгийг ойлгуулах болно.
No comments:
Post a Comment