Sunday, December 30, 2018

Эрүүл бойжиж буй нярайн 8 шинж

Эцэг эхчүүд бид нялх үрсээ хангалттай идэж, ханатал унтах зэрэг өсч торних чухал хэрэгцээгээ авч чадаж байгаа эсэхэд эргэлзэх үе гардаг. Ялангуяа шинэхэн ээж аавууд нярай хүүхдээ эрүүл, аз жаргалтай өсөн торниж байгаад итгэлтэй болоход дараах шинж тэмдгүүд туслах болно.
  1. Хүүхдэдээ зөөлөн хүрэхэд, эсвэл дуу хоолойг чинь сонсоод тайтгарч байна уу?
Энэ нь таныг хүүхэдтэйгээ хангалттай сайн харилцаж чаддаг гэдгийн баталгаа юм. Төрөөд удаагүй нярай хүүхдүүд зогсолтгүй уйлах тохиолдол элбэг. “Хүүхэд эхийнхээ хэвлийд давчуу зайд байж дадсан байдаг. Энэ үед дуу хоолой тань түүнд хамгийн танил авиа болсон байгаа. Иймд дууг чинь сонсож, тэврүүлж, биеийн дулааныг чинь мэдрэх, нүүрний хувирал зэргийг чинь харна гэдэг хүүхдэд амар тайван байдлыг авчирдаг” хэмээн Анагаах ухааны доктор Женнифер Шү хэлсэн нь бий. Ийн хүрэлцэхүйд тань тайвширч буй нь нярайн харилцааны анхны алхам бөгөөд сэтгэл хөдлөл нь хөгжиж байгаагийн тод илрэл юм.
  1. Өдөрт 8-10 живх сольж байвал нярай хүүхэд жингээ хэвийн нэмж буйн нэг шинж
Үүгээр эхийн сүүг хангалттай хөхөж, эрүүл бойжиж байгааг бас шинжиж болох нь.
Хүүхэд нь дутуу төрсөн нэгэн эх төрснийхөө дараа 10 хоног хүүхдийнхээ тэжээл авч чадаж байгаа эсэхэд ямагт эргэлзэн, сэтгэл зовж байсан тухайгаа хуваалцсан байдаг.
Хүүхдийн биеийн жинг мэргэжлийн эмч хянаж байх нь зүйн хэрэг боловч нойтон живх хамгийн сайн дохио юм. Хүүхэд бүр хоолны харилцан адилгүй дуршилтай байдаг бөгөөд өдөр өдрөөр өөрчөгдөх талтай ч эрүүл хүүхдийн биеийнх жин тогтмол нэмэгддэг талаар доктор Шү зөвлөжээ.
  1. Нярай хүүхэд өдөрт цөөн ч атугай удаа чимээгүй, ажигламтгай болдог
Энэ нь түүний дэлхий ертөнцтэй танилцан, суралцаж эхэлж буйг илтгэдэг.
Эхний хэдэн долоо хоногт энэ шинж тэмдэг хоёр цаг тутам хооллох болон унтах үед ажиглагдана. Гэхдээ үүнийг хүүхдийн хараа тогтсон үеэс буюу эхийгээ тогтон харж чаддаг болсон үеэс эхлэн ажиглах юм. Нэг сартайгаас нь илүү тод илэрч эхэлдэг гэж үздэг.
  1. Шинэ дуу авиа сонсоод чих тавин чагнана
Энэ шинж хүүхдийн сонсгол хэвийн хөгжиж, тархины үйл ажиллагаа дуу авиаг ялгаж сурч байгааг харуулж буй хэрэг.
Хүүхэд хэдийгээр сонсох чадвартай төрсөн байдаг ч олон янзын дуу авиаг ялгаж танихад хэдэн долоо хоног шаардагддаг. Зарим дуу чимээ тэдэнд илүү сонирхолтой санагдаж эхэлнэ гэсэн үг.
  1. Судал, өнгө ялгаж, хөдөлгөөнтэй зүйлсийг ажих болно
Харааны болон тархины хөгжлийг энэ шинжээр мэдэж болно.
Дөнгөж төрсөн нярай 20-25 см-ийн зайд ялгаж харах чадвартай байдаг бол нэг сар хүрээд 45 см-ийг зайд байгаа зүйлсийг ялгаж харж чаддаг болно. Ихэнх хүүхэд хоёр сартайгаасаа судал, тод өнгө, эргэлдэх зүйлсийг ялгаж хардаг. Ухамсартайгаар ялгаж ойлгохгүй ч гэлээ ялгаатай өнгө, дүрс тэдний анхаарлыг татдаг.
  1. Нүд рүү чинь харж инээмсэглэх, эсвэл ход ход хийн инээж хүмүүст хариу үйлдэл үзүүлж байна уу?
Энэ нь тэдний нийгэмшил болон аз жаргалын илрэл гэж үздэг.
Голдуу нэг сартайгаасаа нүд рүү ширтэж, хоёр сартайгаасаа инээмсэглэж, гурван сартайгаасаа гангар гунгар хийж, дөрвөн сартайдаа ход ход хийн инээж эхэлнэ. Хүүхэд бүр харилцан адилгүй хурдтайгаар хөгждөг гэдгийг дурьдах нь зүйтэй.
Таван сартайгаасаа хүүхэд хэн нэгэн өөр лүү нь харан инээмсэглэхэд даган инээх рефлекстэй болсон байдаг ажээ. Энэ бүхэн хүүхдийн хэл ярианы хөгжлийн эхний шинж тэмдгүүд юм. Өөрөөр хэлбэл хүүхэд гаргаж буй эдгээр авиагаараа дууны хөвчөө үг ярианд бэлтгэж байдаг.
  1. Бага уйлж ахиухан унтаж байна уу?
Мэдрэлийн систем нь бүрэлдэж гүйцэж буйн шинж тул та шинэ хүнээ давгүй бойжуулжээ.
Мэдрэлийн систем мэдээлэл дамжуулж сурч байгаа учраас живхээ ойр ойрхон норгох давтамж нь холдож, шөнө хоол нэхэх нь ч дөрөв хүртэл цагийн зайтай болж ирдэг. Зарим хүүхдэд дөрвөн сар хүртэл нь ийм өөрчлөлт ажиглагддаггүй бөгөөд үүнээс оройтож байвал хүүхдийнхээ хоолох болон унтуулах зэрэг хуваарийг цэгцлэхийг бодоорой.
  1. Хүүхэд биеэ хөдөлгөж сурах үед
Бяцхан булчингууд чадал сууж байгааг та ажиглаарай.
Хүүхэд нэг сартайдаа толгойгоо дааж эхэлнэ. Гурван сартайгаасаа толгойгоо бүрэн дааж, эргэж хөрвөж сурах үед нь хүүхдээ бүүвэйлэгч, машины суудал зэрэгт аль болох удаан суулгалгүй, чөлөөтэй хөдлөх боломжийг нь хангаж өгөөрэй. Ялангуяа түрүүлэг нь харуулж хэвлийгээр нь хэвтүүлэх үед хүүхдийн бүх булчин ажиллах таатай боломж бүрддэг ажээ.

No comments:

Post a Comment